Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний ажиллагаа Монгол улсын Консерваторт суралцагчдын эрхийн чиглэлээр хамтран ажиллаа.
Монгол улсын Консерваторт суралцагчдын эрхийн чиглэлээр хамтран ажиллаа
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас 2025 онд оюутнуудын амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр улсын хэмжээнд их, дээд сургуулийн дотуур байруудад хяналт шинжилгээ хийж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол улсын Консерваторын суралцагчдын дотуур байруудад хяналт шинжилгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн.
Зөвлөмжийн биелэлттэй холбогдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Я.Цэлмэн Монгол улсын Консерваторын захирал доктор, дэд профессор Ц.Шаравцэрэн, Чанарын баталгаажуулалтын албаны дарга Л.Аззаяа, Дотуур байрын багш Н.Цэрэнбат нарыг хүлээн авч уулзан, суралцагчдын эрх, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний өгсөн зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Консерватор нь оюутан, суралцагчдын амьдрах орчин, сургалтын нөхцөлийг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч, шинээр баригдсан дотуур байрны барилга угсралтын ажлыг бүрэн дуусган, улсын комиссоор хүлээн авч баталгаажуулах эцсийн шатандаа байна.
-Тус дотуур байр нь зоорины давхар болон 1–7 давхар бүхий орчин үеийн шийдэлтэй барилга бөгөөд нийт 300 сурагч, оюутан амьдрах хүчин чадалтай. Зоорины давхарт хөгжмийн сургалтын онцлогт нийцүүлэн 12 ширхэг хөгжмийн ганцаарчилсан давтлагын өрөө, хоол бэлтгэх болон хүнс хадгалах зориулалттай 4 өрөө, мөн угаалга, нийтийн ариун цэврийн өрөөнүүдийг төлөвлөсөн.
-Түүнчлэн 1–7 дугаар давхарт нийт 72 амьдрах өрөө, багш болон зочин багшийн 7 өрөө, 120 хүний суудалтай хоолны танхим байрлаж байна. Амьдрах өрөө бүр дотроо шүршүүр, суултуур, угаалтууртай бөгөөд суралцагчдын тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн 2 цахилгаан шат, 2 аваарын гарц, 1 үндсэн орох, гарах хаалга, 30 м.кв талбай бүхий жижүүр багшийн тусдаа өрөөтэй байхаар шийдэгдсэн.
Үүний зэрэгцээ гишүүний зөвлөмжийн хүрээнд дотуур байрны зохион байгуулалт, дотоод дүрэм, журам, сургалт, үйлчилгээний чиглэлд бодит ахиц гарч, суралцагчдын эрхийг хүндэтгэсэн, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
-Энэхүү олон улсын стандартад нийцсэн дотуур байр дотуур байр ашиглалтад орсноор Монгол Улсын Консерваторын суралцагчдын амьдрах орчин сайжирч, сургалт, уран бүтээлийн үйл ажиллагааг дэмжсэн, цаашид бусад сургалтын байгууллагын дотуур байрны төлөвлөлт, зохион байгуулалтад жишиг болохуйц бодитой дэд бүтэц бүрдэх ач холбогдолтой юм.
2026-01-28