Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН ТҮҮХЭН 89 ДЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Урлагийн мэргэжлийн боловсролын 89 жилийн түүх, уламжлал, шинэ үеийн хүсэл тэмүүллийг нэгтгэсэн Монгол Улсын Консерваторын 2026–2027 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Нээлтийн ёслолыг Монгол Улсын Консерваторын захирал, доктор, профессор Ц.Шаравцэрэн нээж, шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Нээлтийн үеэр 2026 онд олон улсын өндөр зэрэглэлийн уралдаан, тэмцээнүүдэд тэргүүн байр, өндөр амжилт үзүүлсэн авьяаслаг сурагчид уран бүтээлийн дээжээсээ толилууллаа. Үүнд:
Г.Бадмаараг – Төгөлдөр хуур
Н.Номуунзаяа – Ёочин
М.Мөнх-Оргил – Сонгодог бүжиг
Жижиг хийлийн чуулгын авьяаслаг сурагчид оролцож, нээлтийн үйл ажиллагааг хөг эгшгээр чимлээ.
СОЁЛЫН ЯАМНЫ ШАГНАЛААР “МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР
• Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Н.Мөнхтуяа
• Үндэсний хөгжмийн тэнхимийн ёочин хөгжмийн багш Э.Пагам
нар шагнагдсан бахархам үйл явдал тохиолоо.
Мөн олон улсын уралдаан, тэмцээнд оролцох сурагчдын замын зардалд дэмжлэг үзүүлэх зорилготой, жил бүр уламжлал болгон олгодог МУГБ, профессор Ч.Тунгалагийн нэрэмжит мөнгөн тэтгэлгийн батламжийг Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолч Б.Одбаяр сурагч Б.Гүен, Г.Бадмаараг нарт гардуулан өглөө.
2026–2027 оны хичээлийн жилд элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, Консерваторын эрдмийн өргөөнд анхлан хөл тавьж буй:
 Сонгодог хөгжмийн 1А анги – ангийн багш Дэлгэрмаа
Үндэсний хөгжим, үлээвэр цохивор хөгжмийн 6Б анги – ангийн багш Э.Оюунаа
Ардын бүжгийн 8Д анги – ангийн багш Орхонтуул
нартаа халуун баяр хүргэе!
Хичээлийн шинэ жилийн хонх цангинаж, 89 жилийн түүхтэй Консерваторын шинэ нэгэн хуудас ийнхүү нээгдлээ.
Эрдэм мэдлэг, ур чадвар, уран бүтээлээр жигүүрлэн дэлхийн тайзнаа Монголын урлагийн нэрийг өндөрт өргөх шинэ үеийн авьяастнуудад амжилтын дээдийг хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР
Уламжлалаа өвлөж, ур чадвараа хөгжүүлж, дэлхийд өрсөлдөнө.
Монгол Улсын Консерваторын захиргаа
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2026-09-01
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.