“Монгол улсад “биба” /pipa/ хөгжмийг сэргээн хөгжүүлэх нь“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал, тоглолтын мэдээ
“Монгол улсад “биба” /pipa/ хөгжмийг сэргээн хөгжүүлэх нь“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал, тоглолтын мэдээ
Монгол Улсын Консерватори үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Соёлын Яамнаас зарласан 2021 оны 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” аян, БШУЯамнаас “Оюутны хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Консерваторийн ЭШИА, ҮХМС санаачлан Соёлын яамтай хамтран Олон улсын эрдэмтэн багш, судлаач, ахисан түвшний суралцагсдын дунд “Монгол улсад “биба” /pipa/ хөгжмийг сэргээн хөгжүүлэх нь“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал, урлагийн тоглолт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14:00-17:30 цагт цахимаар амжилттай зохион байгуулж хурал нь өмнөө тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүллээ.
Олон Улсын цахим хурлын нээлтэд: Монгол Улсын Соёлын Яамны Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Б.Сэргэлэн, Монгол Улсын Консерваторийн захирал МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Чен Шуан /Chen Shuang/, ОХУ-аас П.И.Чайковскийн нэрэмжит Буриадын Урлагийн Коллежийн захирал Баир Турбянов нар оролцон нээж үг хэлэв. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Монголын мэргэжлийн хөгжимчид, багш, хөгжим судлаачид тус хурлын болон цаашдын үйл ажиллагаанд амжилт хүссэнээс гадна, Олон Улсын мэргэжлийн урлагийн байгууллага, их дээд сургуулийн доктор, профессорууд мэндчилгээ дэвшүүлж, МУК-ын оюутнууд пипа болон шударгаар хөгжимдөх онцлогийн талаар үзүүлбэр үзүүлэв.
Энэхүү хуралд ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Франц, Япон зэрэг улсаас гадна Монгол улсаас МУК, МУИС, МУБИС, СУИС зэрэг Их дээд сургууль, нийгэмлэгээс нийт 7 улсын, 18 байгууллага оролцон 10 гаруй илтгэл хэлэлцүүлж олон төрөл зүйлийн түүхэн баримт бичиг, сурвалж бичиг, ном зохиол, мэдээ мэдээлэл зэргийг эртний хятад, төвөд, манж, япон, орос, англи хэл, сонгодог монгол бичгийн эх сурвалжуудаар дамжуулан судалсан зэрэг нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж байгаагаараа үнэлж баршгүй чухал ач холбогдолтой хурал боллоо.
ЭШИА нь тус хурлаар эрт үеэс уламжлан ирсэн хөгжмийн зэмсгийн түүхэн баримт, эх сурвалж, хөгжимдөх ур чадварын талаарх судалгаанд үнэлэлт дүгнэлт өгсөн эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг нэгтгэн хэвлүүлж уншигч олны хүртээл болгохоор бэлтгэж байна.