Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Консерваторын багш нарын эрдэм шинжилгээний хурал “Тогтвортой хөгжил: Урлаг ба боловсрол судлал”

Монгол Улсын Консерватор их сургуулийн статустай болсонтой уялдуулан Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам, бодлогын баримт бичгийн хүрээнд багш, судлаачдын эрдэм шинжилгээний үйл ажиллагааг идэвхжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, сургалт–судалгаа–уран бүтээлийн уялдаа холбоог системтэй хөгжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжил: Урлаг ба боловсрол судлал” сэдэвт салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Тус хурлын удирдамжийн дагуу эрдэм шинжилгээний илтгэл, судалгааны ажлыг бүх тэнхимүүдэд нээлттэйгээр зарласан бөгөөд энэ хүрээнд Циркийн тэнхим судалгааны хэлэлцүүлгийг эхлүүлж, 7 багш илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн нь талархууштай, үлгэр жишээ алхам боллоо. Тэнхимийн зүгээс эрдэм шинжилгээний ажлыг бодитоор хэрэгжүүлж, багш нарын судалгааны оролцоог идэвхжүүлэн, хэлэлцүүлгийг эхлүүлсэн нь байгууллагын хэмжээнд эрдэм шинжилгээний соёлыг төлөвшүүлэх, судалгааны тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм.
Циркийн тэнхимийн багш нарын илтгэлүүд нь боловсрол, орчин үеийн урлаг судлалын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй авч үзэж, циркийн урлагийн сургалтын онол-практикийн уялдаа, гүйцэтгэлийн ур чадварын хөгжил, бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэлийн судалгаа, сургалтын арга зүйн шинэчлэл, үнэлгээний асуудлыг хөндөн, бодит санал, дүгнэлт, цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлсон байна.
Энэхүү хурал нь Циркийн тэнхимийн багш нар судалгааны ажилд идэвхтэй оролцож, судлаач-багшийн чиг үүргийг бодитоор хэрэгжүүлэх бүрэн боломжтойг харууллаа. Түүнчлэн судалгааны ажлаа тогтмолжуулах, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эрдмийн зэргээ ахиулах, академик хөгжлийг шат дараатайгаар дээшлүүлэх бодит нөхцөл бүрдэж байгааг энэхүү хэлэлцүүлэг тодотгон харуулсан ач холбогдолтой үйл явдал боллоо.
Хэлэлцүүлгийн явцад судалгааны үр дүнг сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд бодитоор шингээх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшинд нийтлүүлэх, инновацид суурилсан судалгааг дэмжих шаардлагыг онцлон тэмдэглэлээ.
I шатанд Б.Эрдэнэтогтох :1-р байр
Б.Батбаяр :2-р байр
Л.Энхзаяа: 3-р байр тус тус хүртлээ
II шатанд илтгэл нь шалгарсан багш нартаа баяр хүргэж, цаашдын хэлэлцүүлэгт амжилт хүсье. Мөн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас бусад тэнхимүүдийг удирдамжийн дагуу эрдэм шинжилгээний илтгэл, судалгааны ажлаа эрчимжүүлэн зохион байгуулж, багш, судлаачдын судалгааны идэвх, бүтээмжийг нэмэгдүүлэхийг уриалж байна.
Эрдэм шинжилгээ, инновацын алба
Циркийн тэнхим
2026 оны 02 сарын 13 өдөр
2026-02-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.