Залуу төгөлдөр хуур,утсан хөгжимчдийн олон улсын XII уралдаан
Ж.ЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН XII УРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО
Монголын сонгодог урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй уралдаан болох Ардын жүжигчин, Төрийн шагналт Жамьянгийн Чулууны нэрэмжит Залуу хөгжимчдийн олон улсын XII уралдаан 2026 оны 04 сарын 03–13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
1992 оноос эхлэлтэй энэхүү уралдаан нь өдгөө Монголын төдийгүй олон улсын хэмжээний авьяаслаг хөгжимчдийг тодруулдаг томоохон тайз болон өргөжиж, ирээдүйн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх чухал индэр болсоор ирсэн юм.
Энэ удаагийн уралдаан 5 төрлийн хөгжим,насны 6 ангиллаар явагдах бөгөөд гадаад, дотоодын шилдэг оролцогчид ур чадвар, авьяас билгээ сорин өрсөлдөх болно. Уралдаан нь зөвхөн өрсөлдөөн төдийгүй хөгжимчдийн сэтгэл зүй, тайзны соёл, уран бүтээлийн сэтгэлгээг хөгжүүлэх олон талт ач холбогдолтой.
Хамтын ажиллагаа – Соёлын үнэт өвийн залгамж
Тус уралдааныг:
- Боловсролын Ерөнхий Газар
- Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яам
- Соёл Урлагийн Газар
- Монгол Улсын Консерватор
- Чулуун сан
- Монгол Улсын Филармони
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хамтран зохион байгуулж байна.
Ирээдүйн одод эндээс тодорно
Ж.Чулууны нэрэмжит энэхүү уралдаан нь Монголын хөгжмийн урлагийн ирээдүйг тодорхойлох, дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай шинэ үеийн уран бүтээлчдийг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
2026 оны уралдаан нь авьяас, хөдөлмөр, ур чадварын бодит өрсөлдөөн болж, “маргаашийн одууд”-ыг тодруулах онцгой үйл явдал байх болно.