ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Монгол Улсын Консерватор БНСУ-ын уламжлалт язгуур хөгжмийн урлагийг орчин үеийн шинэлэг хэлбэр, уран бүтээлийн туршилттай хослуулан хөгжүүлж буй “Сайро” уран бүтээлийн нэгдэлтэй 2026 оны 09 сарын 12 өдөр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Сайро” нь Солонгосын уламжлалт хөгжмийн язгуур чанарт тулгуурлан орчин үеийн шинэлэг өнгө аяс, бүтээлч туршилтаар дамжуулан уламжлал ба орчин үеийг холбосон шинэ хөгжмийн ертөнцийг бүтээж буй уран бүтээлчдийн нэгдэл юм. Тус нэгдэл нь Кёнги мужийн ардын дуу зэрэг Солонгосын уламжлалт хөгжимд үндэслэн давтагдашгүй шинэ репертуар хөгжүүлж, өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон уран бүтээлийн үнэ цэнийг бий болгон ажилладаг байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал уламжлалт болон орчин үеийн хөгжмийн урлагийн харилцан туршлага солилцох, уран бүтээлч, багш, суралцагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан уран бүтээл, тоглолт, сургалт, мастер классыг зохион байгуулах, цаашид олон улсын түвшний уран бүтээлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Энэхүү санамж бичиг нь Монгол, Солонгосын уламжлалт хөгжмийн өв, орчин үеийн уран бүтээлийн харилцан хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ залуу уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чухал алхам болж байна.
Монгол Улсын Консерватор цаашид үндэсний хөгжмийн өв, уламжлалт урлагийн үнэ цэнийг хадгалан хамгаалж, дэлхийн хөгжмийн шинэ чиг хандлагатай хослуулан хөгжүүлэх, олон улсын нэр хүнд бүхий урлаг, боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорин ажиллах болно.
Монголын болон Солонгосын уламжлалт хөгжмийн урлагийг холбосон энэхүү хамтын ажиллагаанд амжилт хүсье
2026-09-12