Мэдээ мэдээлэл

ТАЛАРХАЛ: СУРГАЛТ, УРАН БҮТЭЭЛИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА

Монгол Улсын Консерваторын түүхт 90 жилийн ойг угтаж Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимээс сургалтын орчин, концертын танхим, анги танхим болон хөгжмийн зэмсгийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хувь хүн, албан байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимийн бага танхим 302 дугаар ангийн засвар, тохижилтын ажлыг 2026 оны 8 сарын 11-ний өдрөөс эхлүүлж, 9 сарын эхээр амжилттай дуусгалаа. Засварын ажлын үр дүнг танилцуулж, сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөр зүтгэлээ зориулан хамтран ажилласан эрхэм хүмүүстээ талархал илэрхийлэх зорилгоор 2026 оны 9 сарын 17-ны өдөр тууз хайчлах ёслол, нээлтийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ.
Урлаг, уран бүтээлээрээ дэмжсэн багш нартаа
Нээлтийн тоглолтод оролцож, уран бүтээлээ өргөн барьсан Мэргэжлийн төгөлдөр хуур, Утсан хөгжим, Цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш нартаа халуун талархал илэрхийлье. Та бүхний оролцоо энэхүү үйл ажиллагааг утга төгөлдөр, дурсамж дүүрэн болголоо.
Мэргэжлийн шаардлагад нийцсэн акустик орчныг бүрдүүлэхэд
Танхимын засвар, тохижилтын ажилд акустикийн тооцоолол гарган, мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох шийдэл, хийцлэлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУТИС-ийн багш, Монголын акустик инженер Б.Энхжаргал Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн хөшигний өнгө, сонголтоос эхлээд суурилуулалт хүртэл бүхий л үйл явцад сэтгэл гарган, цаг наргүй хөдөлмөрлөж, бидний санаачилгыг дэмжин хамтран ажилласанд баярлалаа.
 Хөгжмийн зэмсгийн арчилгаа, тохиргоог сайжрууллаа
ОХУ-н Москва хотоос төгөлдөр хуур хөглөгчийн сургалт явуулахаар манай улсад хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар 301, 302-р танхимд байрлах тэнхимийн Рояль хөгжмүүдэд механик цэвэрлэгээ, тохиргоо, жижиг засвар, хөглөгөө хийлгэлээ.
Ингэснээр багш, оюутан, сурагчид тав тухтай орчинд мэргэжлийн сургалт, уран бүтээлийн үйл ажиллагаагаа явуулах, гадаадын багш нарын мастер класс, ангийн болон гоцлол тоглолт зохион байгуулахад тохиромжтой нөхцөл бүрдлээ.
Эрхэм талархал
Сургалтын орчныг сайжруулах энэхүү ажлыг бодит ажил хэрэг болгоход санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлж, зуны амралтын хугацаанд ч ажил үйлсэд маань санаа тавин, гар бие оролцож, сургууль, багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийг ойлгон хүндэтгэж, тэнхимийн үйл ажиллагаа бүрд тууштай дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан 10а ангийн сурагч З.Амин-Эрдэнийн эмээ С.Мөнхгэрэл Танд Монгол Улсын Консерваторын нийт багш, ажилтан, оюутан, сурагчдынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Таны үзүүлсэн дэмжлэг нь зөвхөн нэгэн танхимыг тохижуулсан ажил бус, харин ирээдүйн мэргэжлийн хөгжимчдийн суралцах орчин, багш нарын бүтээлч эрмэлзэл, урлагийн боловсролын чанарт оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
        Энэхүү ажил нь танхимын өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй, оюутан, сурагчдын суралцах хүсэл эрмэлзэл, багш нарын уран бүтээлийн тэмүүллийг нэмэгдүүлсэн, мэргэжлийн сургалтын жишиг орчин бүрдүүлсэн чухал үйл хэрэг боллоо.
Мөн шинэ танхимд нот болон зураг байрлуулах зориулалттай 3 ширхэг мольберт бэлэглэсэн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн төгсөгч М.Мөнхзаяадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Нэгэн зорилгын төлөө сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэл, дэмжлэг туслалцаагаа нэгтгэсэн та бүхэндээ баярлалаа.
Эрдэм мэдлэг, урлагийн үнэ цэнийг эрхэмлэн, ирээдүйн хөгжимчдийн хөгжилд хамтдаа хөрөнгө оруулцгаая!
Хүндэтгэсэн:
Монгол Улсын Консерваторын захиргаа
Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхим
2026-09-17
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.