Мэдээ мэдээлэл

Шинэ номын мэдээ: Соронзонболд С.   Монгол ятга нь тэнгэрийн хөгжим болохын учир

Соронзонболд С.   Монгол ятга нь тэнгэрийн хөгжим болохын учир -УБ.: Адмон ХГ.,2016.-59 х.   Номонд: Монгол бөөгийн голомт төвийн тэргүүн Ш.Сүхбат “Тэнгэр хөллөсөн халх бөө” бүтээлдээ зүүний 44 тэнгэрийн 35 дахийг “Ятга тэнгэр” хэмээн тэмдэглээд энд дурдагдсан тэнгэрүүдийн нэр нь хэдийд чухам хаанаас бий болсон нь тодорхойгүй хэмээн бичжээ. Эндээс ятга хэмээх нэр нь зүүний 44 хар тэнгэрийн нэгнийх нь ажээ. Юань улсын судрын жарандолоо дугаар дэвтрийн нэгдүгээр талд …Ёслол хөгжмийн тэмдэглээ арван наймдугаар шастирт өгүүлсэн нь ёслол хэмээгч тэнгэр газрын дэс болой. Хөгжим хэмээгч тэнгэр газрын найрамдах болой… хэмээжээ. Дээр өгүүлснээр ёслол нь тэнгэр газрын (хөрстийн) дэс бөгөөд хөгжим нь тэнгэр газрын эв эе болно гэсэн байна. Өөрөөр хэлбэл хөгжим нь хөрст хийгээд тэнгэрийн залгаас холбоо харилцаа ажээ. Энэ нь хөгжмийн гарал үүсэл гүйцэтгэх үүргийг заасан чухал сурвалж юм. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон дахь Эзэн Чингисийн онгоныг тахих тайлганы дуу буюу Их монгол, Бага Монгол, Ансу хун, Үйлбилиан, Алалва, Вийлэн зүгүй, Ниянла, Хуй, Зэба, Жиргэ, Ширэжилө, Зүмэрсо зэрэг Тэнгэрийн арванхоёр дууг арванхоёр утаст ятгаар хамсран хөгжимддөг байна. Энэхүү арванхоёр утаст ятга нь Чингис хааны онгоныг даган үлдсэн эртний чавхдаст хөгжим. Тэнгэрийн арван хоёр дуу, арван хоёр тэвх бүхий арван хоёр утаст ятгын чавхдасны тоо тохиолдлоор таараагүй болов уу. Тэнгэрийн арван хоёр дууны зургаа нь дөрвөн эгшигтээс, гурав нь гурван эгшигтээс хоёр нь таван эгшигтээс, нэг нь долоон эгшигтийн хөг тогтолцооноос бүтжээ2. Энэ нь Тэнгэрийн арванхоёр дууг долоон чавхдаст ятгаар нэгийг нь гурван чавхдаст ятгаар гурвыг нь, таван чавхдаст ятгаар наймыг нь хөгжимдөх боломжтой гэсэн үг. Эндээс харвал цөөн тооны чавхдастай ятгаар тууль хайлах, тайлга тахилгын дууг хөгжимдөж байсан байна.  Монголчууд улаан шар толгойтой, хар хошуутай, хөх цагаан бидэртэй цэнхэр далавчтай, өнгөлөг нэгэн зүйл шувууг ятга шаазгай (цагчаа ятга шаазгай) гэдэг. Манай оронд суурин амьдардаг 9, нуүцэллэн ирж өндөглөдөг 4 зуйл цагчаа ятга шаазгай бий. Ятга шаазгай хуш модтой ой тайгад нутагладаг, хушны самраар голдуу хооллодог учир түүнийг тэнгэрийн идээ хүртдэг жигүүртэн хэмээн ихэд дээдэлдэг. Ятга шаазгай бусад шувууд, амьтны дууг яг дуурайх идтэй жигүүртэн. Тиймээс ятга шаазгай, ятга хөгжим, ятга тэнгэр нь нэршлийн хувьд төдийгүй хэд хэдэн сэжмээр өөр хоорондоо холбогдож байна. Зүйл бүрийн амьтны дууг элэглэн дууриах элдэвтэй тэнгэрийн идээ хүртдэг ятга шувуу нь Сухавадийн оронд их тэнгэрийн зохиосон ятга хөг нь тус бүрийн хэлэнд ном номлох эгшиг болой гэсэнтэй утга нэгэн ажээ. Тиймээс ятга нь бөө мөргөл, тэнгэр шүтлэг, байгаль дэлхий, үлгэр домогоос улбаалж ирсэн нэр юм.

 

2021-06-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.