Мэдээ мэдээлэл

Олон улсын тайзнаа Монгол авьяас

БАЯРЫН МЭДЭЭ
Олон улсын тайзнаа Монгол авьяас
Япон улсын Токио хотын нэр хүндтэй Dai-Ichi Seimei Hall-д 2026 оны 1-р сарын 31 өдөр зохион байгуулагдсан “Монгол-Японы Найрамдлын Гүүр” симфони найрал хөгжмийн концертыг Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын I-р тэнхимийн 11-р ангийн сурагч Отгонбаярын Нандин бахархалтайгаар нээж, олон улсын тайзнаа Монгол авьяасаа тодоор гэрэлтүүллээ.
Тэрээр суут хөгжмийн зохиолч И.С.Бахын Ре минорын №1 концертыг Японы Tacticart симфони найрал хөгжмийн хамт эгшиглүүлж, ур чадвар, хөгжмийн нарийн мэдрэмжээрээ үзэгчдийн халуун алга ташилт, өндөр үнэлгээг хүртсэн юм.
О.Нандин нь МУГЖ, МУК-ийн дэд профессор, Монгол Улсын Соёлын Элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг багшийн шавь бөгөөд 2025 онд “Норовбанзад” сангаас зохион байгуулсан “Төгөлдөр хуурчдын уралдаан”-ы концертын төрөлд Гранпри шагнал хүртэж,энэхүү нэр хүндтэй тайзнаа уригдан оролцсон билээ.
Энэхүү тоглолтод Японы алдарт төгөлдөр хуурчид болох Ханафуса Харуми, Ханафуса Мами, Ажима Кэнтаро, удирдаач Үмэда Тошиаки, Монголоос морин хуурч Н.Жигжиддорж нар оролцож, урлагийн гайхамшигт үдшийг хамтдаа бүтээлцэв.
Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн сурагч О.Нандин, эрхэм багш С.Саянцэцэг нартаа Монгол Улсын Консерваторын захиргаа хамт олны зүгээс халуун баяр хүргэе
Монгол Улсын Консерватори
2026-02-10
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.