Мэдээ мэдээлэл

“Миний тайз–VI” өсвөрийн гоцлол бүжигчдийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Консерваторын Бүжгийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУУГЗ, дэд профессор Н.Оюуны нэрэмжит өсвөрийн гоцлол бүжигчдийн “Миний тайз–VI” уралдаан 2026 оны 03 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, авьяас билэг, ур чадвараараа өрсөлдсөн шилдэг оролцогчид тодорлоо.
Энэ удаагийн уралдаанд сонгодог бүжиг, ардын бүжиг, контемпорари гэсэн гурван төрлөөр нийт 74 өсвөрийн гоцлол бүжигчин оролцож, тайзнаа өөрсдийн уран чадвар, хөдөлгөөний гоо зүй, тайзны мэдрэмжийг гайхалтай илэрхийлэн өрсөлдсөн юм.
“Миний тайз” уралдаан нь ирээдүйн авьяаслаг бүжигчдийн ур чадварыг хөгжүүлэх, уран бүтээлийн эрэл хайгуулыг дэмжих, өсвөр үеийнхний тайзны соёл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой бөгөөд жилээс жилд оролцогчдын чансаа, уран бүтээлийн түвшин улам өсөж байгааг шүүгчид онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн уралдааны шүүгчээр
Н.Оюун /МУУГЗ, дэд профессор/
Дугаржапов Д.В / СУИС-ын профессор багш, Соёл судлалын ухааны доктор (Ph.D) ОХУ-ын Буриад улсын Cоёлын гавьяат зүтгэлтэн/
Г.Батчимэг /МУГЖ, Номадик продакшн багш, дасгалжуулагч/
Б.Норовбанзад /МУСТА,Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол бүжигчин, олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт/
А.Эрдэнэболд /МУСТА, ДБЭТ-н Тэргүүн гоцлооч/ нар ажиллаж уралдааны Гран-при шагналын эзнээр Ардын бүжгийн тэнхимийн 11г ангийн сурагч Ц.Анхбаяр тодорлоо.
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн уралдааны төгсгөлд шагналын эзэд тодорч, бүжгийн урлагт хайртай авьяаслаг өсвөрийн уран бүтээлчдийн “өөрсдийн тайз” гэрэлтэн тодорсон онцгой үйл явдал болж өндөрлөлөө.
✨ Ирээдүйн тайзыг гэрэлтүүлэх авьяаслаг бүжигчдэдээ баяр хүргэж, амжилт хүсье!
Зохион байгуулагч:
Монгол улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
Ардын бүжгийн тэнхим
2026 оны 03 сарын 13 өдөр
2026-03-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.