ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Консерваторын Эрдэм шинжилгээ, инновацын албанаас зохион байгуулдаг тэнхимүүдийн багш нарын ээлжит эрдэм шинжилгээний хурал 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралд З.Хангалын нэрэмжит Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш нар “И.С.Бахын төгөлдөр хуурт зориулсан бүтээл: Утга санаа, төсөөлөл ба хэв маягийн ялгаа” сэдвийн хүрээнд илтгэлүүдээ хэлэлцүүллээ.
Хурлыг нээж Монгол Улсын Консерваторын захирал, Ph.D, профессор Ц.Шаравцэрэн үг хэлж, багш судлаачдын эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Хурлыг Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга, Ph.D, дэд профессор М.Ундраа чиглүүлэн явуулж, багш судлаачдын санал бодол, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд:
Г.Ганчимэг – Дэд профессор
Т.Цолмон – Багш
Б.Ариунаа – Тэнхимийн эрхлэгч нар оролцож И.С.Бахын хөгжмийн зохиолын утга санааны илэрхийлэл, хоёр болон гурван хоолойн инвенцийн онцлог, фантазийн бүтээл дэх хөгжмийн төсөөлөл ба уран сайхны онцлог,Франц ба Англи сиютүүд зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь И.С.Бахын төгөлдөр хуурын бүтээлүүдийн уран сайхны утга санаа, хөгжмийн төсөөлөл, хэв маягийн ялгаа, зохиомжийн онцлог зэрэг асуудлыг судалгааны үүднээс авч үзэх зорилготой юм. Ийм төрлийн мэргэжлийн хэлэлцүүлэг нь багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэхээс гадна хөгжмийн урлагийн судалгааны орчныг баяжуулах, цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо. Дээрх илтгэлүүд нь И.С.Бахын төгөлдөр хуурын бүтээлийн уран сайхны агуулга, зохиомжийн онцлог, бүтээлийг хөгжимдөх ур зүйн асуудлыг онол болон практик талаас нь авч үзэн багш, оюутан суралцагсдад үр өгөөжтэй туршлага хуваалцсан мэргэжлийн хөгжмийн боловсролд хувь нэмрээ оруулсан хурал болсон юм.
Мөн 2026 оны 03 сарын 16–19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “И.С.Бах XXI зууны Монголд VII” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой боллоо.
Монгол улсын Консерватор
Эрдэм шинжилгээ, инновацын алба
Мэргэжлийн төгөлдөр хуурын-II тэнхим
2026-03-13