Мэдээ мэдээлэл

“Дэлхийн суут хөгжмийн зохиолч И.С.Бах – XXI зууны Монголд” өсвөрийн төгөлдөр хуурчдын VII уралдаан эхэллээ

Дэлхийн суут хөгжмийн зохиолч “И.С.Бах XXI зууны Монголд” өсвөрийн төгөлдөр хуурчдын VII уралдаан 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхэллээ.
Энэхүү уралдаан нь төгөлдөр хуур хөгжмөөр суралцаж буй мэргэжлийн болон сонирхогч хүүхэд, залуусын ур чадварыг нэмэгдүүлэх, академик хөгжмийн салбар дахь барокко хөгжмийн бүтээлүүдийн утга агуулга, хэв маягийг гүнзгий танин мэдэх боломжийг бүрдүүлэх эрхэм зорилготой юм.
Мөн сонгодог хөгжмийн уламжлалт шилдэг гүйцэтгэлийг хадгалан хөгжүүлэх, тоглоочдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, авьяаслаг уран бүтээлчдийг нээн тодруулах, цаашлаад олон улсын хөгжмийн ертөнцөд Монголын авьяастнуудыг сурталчлан таниулахад энэхүү уралдааны үнэ цэнэ оршиж байна.
Энэ удаагийн уралдаанд:
Мэргэжлийн ангилалд – 71
Сонирхогчдын ангилалд – 75
нийт 146 оролцогч авьяас билгээ сорин оролцож байна.
Уралдааны нээлтийн үеэр Монгол улсын Консерваторын захирал, /Ph.D/, профессор Ц.Шаравцэрэн, мөн уралдааныг санаачлагч, Монгол улсын Консерваторын Хүндэт профессор, З.Хангалын нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн зөвлөх багш Д.Нарантунгалаг нар оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж, уралдааныг албан ёсоор нээлээ.
Уралдаан 2026 оны 03 сарын 16–19-ний өдрүүдэд
Консерваторын Концертын А болон Б танхимуудад үргэлжилнэ.
Уралдаанд шавь нараа бэлтгэн оролцуулж буй багш нартаа болон оролцож буй нийт авьяаслаг төгөлдөр хуурч хүүхэд, залуусдаа амжилт хүсье!
Монгол улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
З.Хангалын нэрэмжит Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим
2026-03-16
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.