Мэдээ мэдээлэл

MASTERCLASS: “И.С.БАХ XXI ЗУУНЫ МОНГОЛД” төгөлдөр хуурын уралдааны хүрээнд уралдааны шүүгчдийн ахлагч Стэфано Салватори нээлттэй хичээл өгөхөөр болсон сайхан мэдээ дуулгая.

MASTER CLASS
“И.С.БАХ XXI ЗУУНЫ МОНГОЛД” төгөлдөр хуурын уралдааны хүрээнд уралдааны шүүгчдийн ахлагч Стэфано Салватори нээлттэй хичээл өгөхөөр болсон сайхан мэдээ дуулгая. Түүний тухай товч танилцуулгыг энд хүргэж байна
Стэфано Салватори нь төгөлдөр хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч гэсэн гурван мэргэжлийг гарамгай эзэмшсэн Италийн уран бүтээлч юм. Тэрээр төгөлдөр хуурын гоцлол болон цөөхүүл хөгжмийн мөн симфони, дуурь, балетын сонгодог, орчин үеийн чиглэлийн аль алинаар нь мэргэшсэн уран бүтээлч гэдгээрээ онцлог юм.
Стэфано Салватори Перужа хотын “Ф.Морлакки”-н нэрэмжит консерваторийг төгөлдөр хуурч мэргэжлээр дээд үнэлгээтэй төгссөн ба алдарт төгөлдөр хуурч сурган хүмүүжүүлэгч Сэржо Пэртикароли, Сэржо Фиорентино нарын удирдлага дор мэргэжишин суралцсан. Хөгжмийн зохиомж болон удирдаачийн ухааныг Милан хотын “Ж. Верди” нэрэмжит консерваторт эзэмшиж, удирдаачийн ур чадвараа Исаак Карабчевскийн дор төгөлдөржүүлсэн.
2001 оноос хойш тэрээр алдарт “Ла Скала” театрт туслах удирлаачаар ажиллаж Даниэль Баренбойм, Густаво Дюдамэл, Валерий Гергиев, Эса-Пекка Салонен, Жанандреа Нозеда зэрэг нэрт удирдаач нартай хамтран ажилласан. Мөн Лео Нуччи, Ионас Кауфман, Роландо Вильясон, Роберто Болле, Сильви Гийем, Светлана Захарова зэрэг дуурь, балетын одууд болон Ролан Пети, Морис Бежар, Жири Килиан, Жон Ноймайер зэрэг алдартай бүжиг дэглээчидтэй ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Арена ди Веронагийн найрал хөгжим, I Pomeriggi Musicali найрал хөгжим, Катания хотын Беллини театрын найрал хөгжим, Milano Classica, Filarmonia Veneta, Асти симфони найрал хөгжим, Египедийн Каирын симфони найрал хөгжим, Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын найрал хөгжим зэрэг олон газруудад удирдаачаар ажилласан.
2016 оны 5-р сард тэрээр баритон Энхбатын Амартүвшинтэй гала тоглолт хийхээр Монгол Улсад анх удаа уригдан ирсэн ба мөн оныхоо намар 10-р сард Монгол Улсын ДБЭТ-н улирлын нээлтийг Аданы “Жизель” балетаар эхлүүлж байсан. Түүнээс хойш манай нэртэй дуучид, бүжигчдийн урилгаар Монголд удаа дараа айлчлан ирж уран бүтээлчдийг чадавхжуулах мастер класс хичээлүүдийг хийхээс гадна гала тоглолтуудад оролцсоор явна.
Монгол Улсын Консерватортой хамтын ажиллагаа, мастер классуудыг 2025 оноос эхлүүлээд байна.
Стэфано Салватори нь “Арена ди Верона”-гийн Operacademy-д хөгжмийн зохиомж болон удирдаачийн мастер ангиудыг, бүжгийн дэглэлттэй уялдуулан заадаг.
Монголоос АЖ Амартүвшин болон бусад залуу үеийн дуучидтай Италид мөн хамтран ажилладаг.
Хөгжмийн зохиолчийн хувьд түүний бүтээлүүд 1997 оноос өнөөг хүртэл Загребийн Орчин үеийн хөгжмийн биенналь, Арена ди Верона сан, Ромын Элизео театр, Миланы Даль Верме театр, Тосканы Болгэри Мэлоди фестиваль, Капри дахь Сан Жиакомогийн хийд зэрэг олон томоохон газруудад эгшиглэсэн.
2026-03-16
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.