“И.С.БАХ – XXI ЗУУНЫ МОНГОЛД 2026” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ,ГАЛА ТОГЛОЛТ
“И.С.Бах – XXI зууны Монголд 2026” өсвөрийн төгөлдөр хуурчдын VII уралдаан 2026 оны 03 сарын 16-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, 03 сарын 19-ний өдөр шагналтнуудын Гала тоглолт, шагнал гардуулах ёслолоор өндөрлөлөө.
Энэ удаагийн уралдаанд мэргэжлийн ангилалд 71, сонирхогчдын ангилалд 75, нийт 146 оролцогч авьяас билгээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Уралдааны мэргэжлийн ангиллын шүүгчээр Итали улсын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Стефано Салватори, (Ph.D), профессор, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн, З.Хангалын нэрэмжит Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч Б.Ариунаа нар ажиллалаа.
Сонирхогчдын ангиллын шүүгчээр З.Хангалын нэрэмжит Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Т.Цолмон, Сонгодог цөөхүүл хөгжмийн тэнхимийн эрхлэгч Г.Болормаа, “До Ре Ми” хөгжмийн сургуулийн захирал Б.Золзаяа нар ажиллав.
Шагнал гардуулах ёслолыг нээж Монгол Улсын Консерваторын захирал Ph.D, профессор Ц.Шаравцэрэн, Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Т.Цолмон, уралдааныг санаачлагч,Хүндэт профессор Д.Нарантунгалаг нар үг хэлж, шилдэг багш нар болон шагналтнууд уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
Ёслолын үйл ажиллагааны үеэр уралдааны зочин шүүгчээр ажилласан Итали улсын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Стефано Салваторийн баярын сэтгэгдлийг уншиж танилцуулсан нь үзэгчдийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн юм.
Уралдааныг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Консерваторын Уран бүтээл, хамтын ажиллагааны алба болон З.Хангалын нэрэмжит Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Нийт оролцогчид, багш нарт халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье! 
Монгол улсын Консерватор
2026-03-20