Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ Ж.ЧУЛУУНЫ УРАН БҮТЭЭЛ: СУДАЛГАА БА ТАЙЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ардын жүжигчин,Төрийн шагналт,нэрт хөгжмийн зохиолч,удирдаач Ж.Чулууны нэрэмжит олон улсын Залуу хөгжимчдийн XII уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 сарын 3-ны өдөр Монгол Улсын Консерваторын 407 тоот танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн судалгаанд онцгой байр суурь эзлэхүйц, агуулга, цар хүрээний хувьд өргөн хүрээтэй, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо. Уг хурлыг Эрдэм шинжилгээ, инновацын алба (ЭШИА)-наас зохион байгуулсан бөгөөд судлаач, багш, ахисан түвшинд суралцагчдын оролцоог нэгтгэсэн нь онол ба практикийн уялдааг тодотгосон онцлогтой байв.
Хурлын үйл ажиллагааг Монгол улсын Консерваторын захирал, доктор (Ph.D),профессор Ц.Шаравцэрэн нээж хурлыг доктор (Ph.D), дэд профессор М.Ундраа чиглүүлэн явууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдээс үзвэл:
1. Ж.Чулуун – Монголын хөгжмийн театрын үндэслэлд гүйцэтгэсэн үүрэг
(Д.Лхагвасүрэн- СУИС, ТУС-ын докторант)
Энэхүү илтгэл нь Ж.Чулууны уран бүтээлийг зөвхөн хөгжмийн зохиолчийн түвшинд бус, Монголын хөгжмийн театрын үүсэл, хөгжилтэй салшгүй холбоотойгоор авч үзсэнд онцлог байв. Судлаач Ж.Чулууны бүтээлүүдийг тайзны урлагийн хөгжлийн эхэн үеийн суурь бүтээлүүдийн нэг хэмээн тодорхойлж, түүний уран бүтээл нь театрын хэлбэр, агуулгыг бүрэлдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг нотолсон.
2. Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” (1949): Хоёр хийлийн хоршил-шинээр илэрсэн гар бичмэлийн судалгаа
(Л.Эрдэнэчимэг- Доктор (ScD)., профессор)
Энэхүү судалгаа нь эх бичвэр судлалын чухал хувь нэмэр болсон. Урьд өмнө төдийлөн судлагдаагүй гар бичмэлийн эхэд тулгуурлан хийлийн хоршлын бүтэц, хөгжмийн хэл найруулгыг нарийвчлан шинжилсэн нь тухайн бүтээлийн гүйцэтгэлийн шинэ боломжуудыг нээж өгсөн. Ялангуяа виртуоз шинж, үндэсний аялгууны боловсруулалтыг онцлон гаргасан нь судалгааны гол ололт байв.
3. Б.Ренчинээс Ж.Чулуун хүртэл: “Уран хас” бүжгэн жүжгийн түүх
(С.Энхбулаг- МУК, ХУТ багш хүнтэд профессор)
Б.Ренчинээс Ж.Чулуун хүртэлх үеийг хамруулсан энэхүү илтгэл нь “Уран хас” бүтээлийн үүсэл, хөгжлийн түүхийг цогцоор нь авч үзсэн. Судлаач уг бүтээлийг Монголын бүжгэн жүжгийн урлагийн хөгжлийн зангилаа цэг хэмээн тодорхойлж, түүний уран сайхны болон түүхэн үнэ цэнийг нотолсон.
4. “Уран хас” бүжгэн жүжгийн дүрийн хөдөлгөөний задлан шинжилгээ
(Б.Намуун)
Энэхүү илтгэл нь бүжгийн хөдөлгөөнөөр дүр илэрхийлэх арга зүйд төвлөрсөнөөрөө онцлог байв. Дүрийн сэтгэлзүй, хөгжмийн хэмнэл, хөдөлгөөний уялдаа холбоог задлан шинжилсэн нь бүжгийн урлаг судлалд шинэ арга зүйн хандлагыг харуулсан.
5. Ж.Чулуун “Уран хас” бүжгэн жүжгийн хөгжмийн удирдварын эх бичвэрт хийсэн ажиглалт, харьцуулалт
(Б.Ваншигдорж- СУИС, ХУС-ын докторант)
Ж.Чулууны “Уран хас” бүтээлийн гар бичмэл, удирдаачийн партитурт хийсэн ажиглалт, харьцуулалт нь гүйцэтгэлийн практикт онцгой ач холбогдолтой байв. Судалгаагаар эх бичвэрийн хувилбаруудын ялгаа, боловсруулгын шийдлүүдийг тодруулсан.
6. Ж.Чулуун “Ардын хоёр дууны найруулга”: Виртуоз техник ба үндэсний аялга
(Г.Отгонжаргал- доктор (Ph.D))
“Ардын хоёр дууны найруулга”-д тулгуурласан энэхүү илтгэл нь хийл хөгжимчний ур чадвар (виртуоз техник) болон үндэсний хөгжмийн сэтгэлгээний уялдаа холбоог шинжилсэн. Энэ нь хөгжимчдийн хувьд практик ач холбогдолтой судалгаа болсон.
7. Ж.Чулуун “Уран хас” бүжгэн жүжгийн “Бугын бүжиг”-ийг үндэсний найрал хөгжимд хөрвүүлэн найруулах практик арга
(Г.Шинэбаяр- МУК, ХСЗУТ магистрант)
Практикт чиглэсэн энэхүү илтгэл нь нэгэн Уран хас бүжгэн жүжгийн Бугын бүжиг хэсгийг үндэсний найрал хөгжимд хэрхэн зохируулах, хөрвүүлэх арга зүйг тодорхой жишээн дээр тайлбарласан. Энэ нь хөгжмийн найруулгын сургалт, практикт шууд хэрэглэгдэх боломжтой.
8. Ж.Чулууны “Уулын горхи” бүтээлийн хэлбэр, илэрхийллийн тухайд
(Б.Лхагвагэрэл)
Энэхүү илтгэл нь Ж.Чулууны симфони сэтгэлгээ, хөгжмийн хэлний онцлогийг задлан шинжилсэн. Бүтээлийн хэлбэр, динамик хөгжил, уянгын шинжийг тодруулсан нь онолын судалгаанд чухал хувь нэмэр болсон.
Мөн ахмад уран бүтээлч, багш нарын дурсамжууд нь Ж.Чулууны уран бүтээлийг амьдрал, сургалтын орчинд хэрхэн уламжилж ирсэн, түүний нэрэмжит хөгжимчдийн уралдааны онцлог ач холбогдлыг тодорхойлсон үнэт аман эх сурвалж болж өгсөн. Энэ нь судалгааны баримтат суурийг баяжуулсан чухал хэсэг байв.
Ерөнхийд нь дүгнэвэл:
• Ж.Чулууны уран бүтээлийг олон талт судалгаанд хамруулсан,
• Шинэ эх сурвалж, шинэлэг тайлбаруудыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан,
• Онол, гүйцэтгэл, найруулгын уялдаа холбоог бататгасан,
• Залуу судлаачдын оролцоог дэмжсэн
гэсэн олон талын ач холбогдлыг агуулж байна.
Иймд уг эрдэм шинжилгээний хурал нь Монголын хөгжмийн урлаг судлалын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлсон чухал үйл явдал боллоо гэж дүгнэж байна.
Монгол Улсын Консерваторын захиргаа
Эрдэм шинжилгээ инновацын алба
2026-04-03
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.