СОЁЛ, ХҮМҮҮЖЛИЙН ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ 600 ГАРУЙ СУРАГЧДАД УРЛАГ, ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ ТҮГЭЭЛЭЭ
Монгол Улсын Консерваторын сургалт, уран бүтээлийн үйл ажиллагаа, мэргэжлийн урлагийн боловсролыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудын соёл, гоо зүйн боловсролыг дэмжих зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 17-р сургуультай хамтран “Соёл, хүмүүжлийн өдөрлөг”-ийг 2026 оны 09 сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Монгол Улсын Консерваторын Дуулаачийн тэнхим, Үндэсний цөөхүүл хөгжмийн тэнхим, Үлээвэр цохивор хөгжмийн тэнхим, Сонгодог бүжгийн тэнхим, Ардын бүжгийн тэнхимийн авьяаслаг оюутан, сурагчид урлагийн тоглолтоо өргөн барилаа.
Хөгжим, дуу, бүжгийн урлагийн гайхамшгийг хүүхэд багачуудтай ойртуулсан тус өдөрлөгийн үеэр Консерваторын багш, оюутан, сурагчид 17-р сургуулийн 5-р ангиуд болон ахлах ангийн 600 гаруй сурагчдад урлагийн тоглолтоо хүргэж хөгжмийн зэмсгүүдийг танилцуулах, тэдгээрийн онцлог, дуугаралт, тоглох арга барилын талаар сонирхолтой сургалт зохион байгууллаа.
Мөн мэргэжлийн урлагийн боловсролын онцлог, Монгол Улсын Консерваторын сургалтын чиглэл, урлагийн мэргэжлээр суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэж, хүүхэд, залуучуудын урлагт хандах сонирхол, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэв.
Өдөрлөгийн зохион байгуулалтыг Монгол Улсын Консерваторын Маркетингийн албаны дарга М.Мөнхсайхан, Дуулаачийн тэнхим,Үлээвэр цохивор хөгжмийн тэнхимийн багш нар, Нийслэлийн Ерөнхий боловсролын 17-р сургуулийн захирал П.Эрдэнэжаргал болон тус сургуулийн багш нар хамтран хариуцан ажиллав.
Урлаг бол хүүхдийн авьяасыг нээж, оюун санааг хөглөж, ирээдүйг бүтээх хүч билээ.
Соёл хүмүүжлийн өдөрлөгт идэвхитэй оролцсон нийт тэнхим,багш оюутан сурагчиддаа гүн талархал илэрхийлье
Монгол Улсын Консерваторын захиргаа
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2026-09-24