“БАГШДАА” ХӨГЖМИЙН КОНЦЕРТ БОЛЛОО
Монгол Улсын Консерваторын Контрбасс хөгжмийн багш, Их хуур хөгжмийн сургалтыг үндэслэгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Л.Баасанхүү багшдаа хүндэтгэл үзүүлэх үе үеийн шавь нарын “БАГШДАА” хөгжмийн концерт 2026 оны 10 сарын 13-ны өдөр Улаанбаатар театрын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа. 
Энэхүү хүндэтгэлийн тоглолтод:
Мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаж буй болон олон улсын тайзнаа уран бүтээлээ туурвиж яваа үе үеийн шавь нар, хамтлаг, дуучид, уран бүтээлчид оролцож, эрхэм багшдаа уран бүтээлээрээ хүндэтгэл илэрхийллээ.
Мэргэжлийн урлагт ур чадвар, уран бүтээлийн зам мөрийг зааж, үе үеийн уран бүтээлчдийг бэлтгэн төлөвшүүлсэн багшийн гавьяа шавь нарынх нь амжилт, бүтээлээр үргэлжлэн мөнхөрдөг билээ.
“БАГШДАА” хэмээх энэхүү тоглолт нь багш шавийн нандин холбоо, урлагт зориулсан их хөдөлмөр, үе дамжсан өв уламжлалын үнэ цэнийг илтгэсэн хүндэтгэлийн сайхан үйл явдал боллоо.
Монголын хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон шавийнхаа авьяас билгийг нээн хөгжүүлсэн эрхэм багш Л.Баасанхүү танд эрүүл энх, урт удаан нас, уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе!
Монгол Улсын Консерваторын захиргаа
Уран сайхны зөвлөл
Эрдмийн зөвлөл
2026-10-13